top of page

2025 ОНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • Writer: Innovation Investment JSC
    Innovation Investment JSC
  • Apr 28
  • 2 min read

2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр "Инновэйшн инвестмент" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал  цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.


Тооллогын комисс “Инновэйшн инвестмент” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүчин төгөлдөр ирцтэйгээр эхэлж буйг мэдэгдсэнээр хурал эхэлж, хурлыг ТУЗ-ийн дарга А. Баттамир удирдан явуулж, хурлын дэг болон хэлэлцэх асуудлуудыг танилцуулсан бол Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэмөнх 2024 оны санхүү, үйл ажиллагааны тайланг хувьцаа эзэмшигчдэдээ танилцууллаа.


Хурлын хүрээнд хэлэлцсэн, танилцуулсан голлох асуудлууд:

  • 2024 оны санхүү, үйл ажиллагааны тайлангийн танилцуулга, Санхүүгийн тайлан нь СТОУС-д нийцсэн зөрчилгүй болохыг баталсан “Грант торнтон Аудит” ХХК-ийн хөндлөнгийн аудитын дүгнэлт болон ТУЗ-ийн дүгнэлт;

  • 2024  оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар сонгогдсон ТУЗ-ийн гишүүд ямар нэг цалин урамшуулал аваагүй үйл ажиллагаа явуулж байсан тул цалин урамшууллыг нөхөж олгох, цалингийн хэмжээг тогтоох тухай;

  • Компани шинэ оффист нүүж орж, байршил өөрчлөгдсөнтэй холбоотой хаягийн өөрчлөлтийг Компанийн дүрэмд тусгах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.


Мөн 2024 оны цэвэр ашгаас 2 удаа, нэгж хувьцаанд нийт 40 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн тухай болон 2023, 2024 оны ашгаас хуваарилсан ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөр дамжуулан олгосон тухай танилцууллаа.

Түүнчлэн компанийн удирдлагууд хувьцаа эзэмшигчдийн асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгч, үүний дараа санал хураалт үргэлжилсэн юм.

Хуралд “Инновэйшн инвестмент” ХК-ийн саналын эрхтэй нийт 171,397,098 ширхэг хувьцаанаас 132,975,828 ширхэг буюу 77.58% хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчид оролцсоноор хурлын ирц хүчин төгөлдөр болж баталгаажсан бөгөөд дараах асуудлуудыг санал хураан шийдвэрлэлээ.

Тооллогын комиссын тогтоолоор:

Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай асуудалд хүчинтэй саналын хуудас өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 99.99 хувь зөвшөөрсөн.
ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллын хэмжээг батлах, нөхөн олгох тухай асуудалд хүчинтэй саналын хуудас өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 95.37 хувь зөвшөөрсөн.
Компанийн шинэчилсэн дүрэм батлах тухай асуудалд хүчинтэй саналын хуудас өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 99.99 хувь зөвшөөрсөн.

“Инновэйшн Инвестмент” ХК нь 2023 оны 12 сард нээлттэй хувьцаат компани болсноос хойш ийнхүү хоёрдох удаагаа Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа амжилттай зохион байгууллаа.Хувьцаа эзэмшигчдийн хуралдаа идэвхтэй оролцсон хувьцаа эзэмшигчдэдээ талархал илэрхийлж байна.

 
 
bottom of page